fbpx
Гүйлсэн булчирхайн үрэвсэл (ангина) бол нийт хүн ам, ялангуяа  сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдүүд нэлээд элбэг өвчилдөг, сэдрэлт ихтэй, ужиг явцтай учраас зүрх үе мөч зэрэг эрхтэн системийг өвчлүүлж хүндрэх нь цөөнгүй, эмч нарын анхаарал татсан өвчний нэг юм. Хүний аман дотор буюу залгиурын хоёр хажууд байрлах булчирхайг гүйлсэн булчирхай гэнэ. Уг булчирхай үрэвсэж өвчлөхийг ангинатах, заримдаа хоолойнд мах ургах гэж нэрлэх нь бий. Өвчлөөгүй үед юу ч мэдэгдэхгүй байснаа халдвар орж үрэвссэн үед залгиурын хоёр тал уг хэсэгтээ улайж хавагнан, хоёр талын хананд төмбийсэн хавдар үүсдэг болохоор мах ургалаа гэх нэр гарсан байх. Хоолойны махыг мухар олгойн адил илүүдэл эрхтэн гэж үзээд өвчлөөгүй байхад нь авдаг байсан үе бий. Гэтэл гүйлсэн булчирхай нь хүний, тэр дотроо хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий чухал эрхтэн болох нь батлагдсан юм. Энэ булчирхайгаас ялгаран гарах бодис нь биеийн эсэргүүцэл, дархлаажуулалтанд онцгой нөлөөлдөг. Харин нас бие гүйцсэний дараа үүрэг нь бусад эрхтэн, булчирхайд шилжих тул аажмаар хатаж агшдаг. Ойролцоогоор 25 нас орчимд булчирхай бүрэн хатах ёстой. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуус ангинатаад байдаг нь үүнтэй холбоотой.
Олон шалтгаанаас ангинатах боловч гол нь шүд хорхойтох, биеийн эсэргүүцэл суларсан үед халуун, хүйтэн хүнс /ундаа/ гэнэт уух, даарч хөрөх, бусад хүнээс халдвар авах зэрэг тохиолдолд булчирхай үрэвсэн улайна.
Улмаар шүлс залгихад хөндүүрлэж, халууран өвчний 2-3 дахь долоо хоногт халуун 40 хэм гартлаа нэмэгдэж хөлрөн, залгиурын хоёр тал идээлдэг. Юм идэх, шингэн ууж чадахгүй болтлоо томрох ч бий. Үүнээс болоод хордлогод орж бусад хүндрэл өгөх талтай. Ялангуяа бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн умай, өндгөвчний үрэвслийн шалтгаан ангина болох нь элбэг. Тэрчлэн манайхны хэлж заншсанаар ангина үе мөчиндөө орох эмгэг хамгийн ноцтой хүндрэл мөн. Олон дахин ангинатсанаас түүнийг үүсгэгч бичил биет үений холбогч эдийг хамгийн түрүүнд гэмтээдэг. Ингээд үе мөч өвдөх, хавдах, хөдөлгөөн нь хязгаарлагдах зэргээр илэрч улмаас мөч тахийж мурийн суумгай болгох хүртлээ хүндэрнэ. Ревматизм гэж эмнэлгийн хэлээр нэрлэдэг. Ревматизм зүрхийг барьж өвчлүүлэх нь элбэг бөгөөд энэ тохиолдолд ревмокардит гэх бие даасан хүнд эмгэг болдог юм. Ангиныг тухайн үед нь сайн, төгс эмчлүүлэхгүй бол эцэстээ эдгэшгүй хүндээр өвчлөх аюултай болохыг мартаж боломгүй.
post-1246

Share This

Share this post with your friends!